УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаад буй юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нар М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй шаардлагаа албан ёсоор бичгээр хүргүүлж буйгаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Бид УИХ-ын даргыг огцрохыг шаардаад 3 долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд чуулган, байнгын хороод хуралдсангүй. Гэтэл ёс зүйн хариуцлага хүлээх ёстой М.Энхболд дарга хуулийн цаана нуугдаад албан тушаалаасаа огцрохгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт М.Энхболд дарга бидэнтэй уулзахдаа та бүхэн намайг огцруулах шаардлагаа албан бичгээр ирүүлээгүй, огцруулахыг дэмжиж буй гишүүд 33 байна, мөн шаардлага дотор чинь огцор гэсэн үг байхгүй байна гэдгийг хэлсэн.

Тиймээс бид өнөөдөр албан ёсоор огцрох шаардлагыг албан бичгээр өгч байна" хэмээлээ.

УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж буй шаардлагад:

"УИХ-ын дарга таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Тиймээс та албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө үү. Таныг чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хүртэл бид чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй. Үүсэх зөрчлийн хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд та хүлээнэ" гэжээ.

УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан тус албан бичгийг УИХ-ын 38 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ.

Дээрх гишүүдийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.