Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар цаасаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 8 нь УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж, 8 нь огцруулахыг эсэргүүцэж, нэг хүн хүчингүй санал өгчээ. 

Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх санал тэнцлээ. Хүчингүй болсон нэг саналын хуудас дээр дэмжих, дэмжихгүй гэсэн 2 хувилбарыг хоёуланг нь дугуйлсан байна. Санал хураалтын дээрх дүнг Төрийн байгуулалтын байнгын хороо баталж, УИХ руу шилжүүллээ.

Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны уг тогтоолыг 11.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.