УИХ-ын чуулган өнөөдөр 11.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ.

УИХ-ын даргыг чөлөөлөх шинэ заалт бүхий Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг УИХ-аар баталж, энэ сарын 25-наас мөрдөхөөр болсон.

Үүнтэй холбоотойгоор хуулийг мөрдөж эхлэх хугацаа буюу өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор тус өдөр нь шийдвэрлэхийг хүссэн.

Гэвч тус өдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, мөн хуулийн шинэ заалт Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээгүй гэсэн үндэслэлээр өнөөдөр буюу мягмар гарагт УИХ-ыг ээлжит бусаад хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэхээр УИХ-ын даргын зөвлөл тогтсон юм.

Шинэ хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа тус хуулийг хэрэглэж эхэлдэг журамтай аж. Төрийн мэдээлэл сэтгүүлийн шинэ дугаар өчигдөр хэвлэгдэн гарсан юм.


Чуулганы хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэнэ.