УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг орхин гарлаа хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Монголын парламентийн түүхэнд сүүлийн 27 жил тохиогоогүй үйл явдал сая боллоо. Юу вэ гэхээр хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж УИХ-ын дарга өчигдөр хуралдсан ёс зүйн хороогооор нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй гэдэг шалтгаанаар өөрөө хурлаа хаяад гараад явчихлаа. 

УИХ-ын дарга гэдэг хүн хуулийн хүрээнд хурал даргалах үүрэгтэй болохоос УИХ гэдэг нь М.Энхболд гэдэг хүн биш" хэмээн ярилаа.

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхэд Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт  "УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн н.Алтангэрэл манай дэд хороонд хаяглан ирүүлсэн. Мөн нэр бүхий хуулийн фирмээс дээрхтэй агуулгын хувьд яг адил саналыг ирүүлж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Ёс зүйн дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлээд байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. Олон нийтийн шаардлага, хүлээлт байна. Тиймээс эдгээрийг шийдэж байж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байна” гэсэн юм. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг завсарлуулж, хуралдааныг орхин гарсан юм.