УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг  өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцаж эрүү шүүлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

Тэрбээр "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ, магадгүй УИХ дутуу орхисон зүйл бий. Цаашид хүний эрх, хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулна. Асуудал гарахаар ярьдаг биш анхнаасаа ажил хэрэг болгохын тулд ажиллаж байна. Бүтцийн болон ямар нэгэн өөрчлөлт хийх болно" гэлээ.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:

Хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэхдээ бодууштай зүйл байдаг. Жишээ нь хүчирхийлэлтэй холбоотой хэргийн тухайд жишээ татая л даа. Хүчирхийлэгчийн ард байгаа гэр бүлийг бүгд мэддэг, тэр хэрээрээ тухайн газар сурч боловсрох, амьдрахад ч хүнд болдог. Тийм учраас энэ төрлийн зөрчлийг мэдээлэхдээ байгууллага, сум хороог дурдмааргүй байгаа юм. Хүүхдийн тухайд бол үсгийг нь дурдах хэрэггүй гэдгийг ойлгоосой.

Он гарснаас хойш эрүүдэн шүүлтийн асуудлаар 43 гомдол ирчихээд байна. 


ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг:

2011 оноос хойш хэрэгжиж эхэлсэн Жендэрийн эрх тэгш байдлын асуудлаар хууль баталсан. Гэтэл энэ хуулийн талаар иргэд тэр тусмаа хөдөө орон нутагт ойлголт багатай байна. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг хариуцсан тусгайлсан алба Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороо ажилладаг гэдгийг мэддэг дарга нар маш ховор байна. жендэрийн бодлого төлөвлөлт, жендэртэй холбоотой асуудал хөдөө орон нутагт мэдлэггүй дарга нараас болж, хэрэгжихгүй байна.

Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй асуудал бол Монгол Улс дахь цөөнхийн эрх юм. 13 жилийн хугацаанд Монгол улс дахь үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах асуудлаар ажиллалаа. Хос хэл дээр сургалт явуулдаг аймагт Монгол хэлний бодлого алдагдчихсан. 2005 онд Тува Монгол хэлний асуудлаар хууль батлуулж байсан. Гэтэл аймаг орон нутаг өөрөө хэрэгжүүлж чадахгүй, хэрэгжүүлэх хүсэлгүй байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 13 цэцэрлэг ажиллаж байгаа ч монгол хэл дээр үйл ажиллагаа явуулдаг нэг ч цэцэрлэг алга.