УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 12.00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29-17-1 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө.

Тэрээр энэ удаагийн сонгууль нь Монгол Улсын Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, нөгөө талаар нутгийн өөрөө удирдах ёсны хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой сонгууль гэдгийг онцлоод иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалав.

Тус хэсгийн хороонд нийт 1979 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар ирц 10 гаруй хувьтай байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг тус хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Д.Дагинцоо хэллээ. 11:30 цагийн үед 220 сонгогч саналаа өгснөөс эрэгтэй 130, эмэгтэй 90 иргэн саналаа өгчээ. Насны ангиллаар авч үзвэл 18-25 нас-15, 26-40 нас-58, 41-55 нас-101, 56-гаас дээш насныхан 46 иргэн саналаа өгсөн байна.