УИХ-ын намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус болох юм.