Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-д суудалгүй улс төрийн намуудын дарга нартай уулзлаа.

Тус намуудын дарга нар Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг тавьсан байна.

Уулзалтын үеэр намуудын төлөөллүүд "Ерөнхий сайд тантай уулзахаас өмнө УИХ-д суудалгүй 21 намын төлөөлөл уулзаж, улс төр нийгэмд үүсээд буй энэ нөхцөл байдалд ер нь яах ёстой вэ гэдэг талаар ярилцаж, гаргалгаа хийх гэж ажилласан. Үүний үр дүнд 14 нам нь зөвлөгөөн хийх, Монгол Улсад улс төрийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн үзэл санаан дээр нэгдсэн. Тус 14 намын төлөөллүүд өнөөдөр Ерөнхий сайд тантай уулзаж байна. Бид танд дараах саналыг тавьж байна. Таны эхлүүлсэн өөрчлөлт шинэчилэл болон эх цэвэрлэгээг нийгмийн захиалга гэж бид үнэлсэн. Цаашид эрч хүч, цаг хугацаа алдалгүй энэ ажлаа эрчимтэй явуулахыг хүсэж байна. Үүний баталгаа болж өөр өөр үзэл баримтлалтай эдгээр 14 нам таныг дэмжиж буйгаа илэрхийлж байна. 

Өнөөдөр МАН-ын Монгол Улс, эсвэл бусад намын Монгол Улс гэж байхгүй. Бид нэг л улстай. Өөрчлөлт шинэчлэл хийхгүйгээр одоо үүсээд буй нөхцлөөс гарах боломжгүй. Тиймээс таны дэвшүүлж буй санааг бид 100 хувь дэмжиж байна" хэмээн ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Намын төлөөллүүд улс эх орон, иргэдийнхээ төлөө санаа зовж буйд Ерөнхий сайдын хувьд би баяртай байна. Бид юун дээр алдаж, онов гэдгээ ярилцах завшаан олдож байна. МАН бол Монголын ууган нам. МАН-ын язгуур эрх ашиг бол Монголын ард түмний эрх ашиг болохоос намын эрх ашиг биш гэж ойлгодог. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилийн төлөө ажиллах нь энэ намын үүрэг. Үүний төлөө ажиллаж чадахгүй бол энэ Ардын нам биш. Би өмнө нь шадар сайд байсан. Улс оронд болж буй гай зовлон, гамшигт осолд анхаарч ажиллаж байсан. Одоо Ерөнхий сайд болсноор улс орны ахуй амьдрал, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг бүхий л зүйл Ерөнхий сайдын нуруун дээр ирдэг. Айлаар зүйрлэвэл ээжийн ажлыг хийж байна. Надад л зам бий. Нэг бол улс орон, ард түмэн, үр хүүхдийнхээ хөгжил дэвшлийн төлөө шударгаар ажиллах, эсвэо энэ дотороо живээд хэдэн хүний сандал ширээний төлөө ажиллаад дуусах. Би бол нэг дэх замаа сонгочихоод байна. Одоо шинэчилэх цаг болсон. Шинэчилэл бол мөнхийн процесс юм. Та бүхэн намайг дэмжиж буйд би чин сэтгэлээсээ талархаж байна. Үүнээс илүү сайхан дэмжлэг гэж надад юу байх вэ. Та бүхнийг ард түмний төлөөлөл гэж ойлгож байна. Засгийн газрын хувь заяа нөгөөдөр шийдэгдэнэ. Иргэд маань энэ Засгийн газраа эхлүүлсэн ажлаа үр дүнтэй хийгээсэй гэж хүсч байгаа болохоос унагааж тоглоом болгоё гэж үзэж буй хүн цөөхөн байх. Энэ нь судалгааны байгууллагуудын судалгаагаар харагдаж байна" хэмээв.