Намуудын сонгуулийн буухиа ил далд хэлбэрээр хэдийн өрнөв. УИХ-д нэр дэвшихийн тулд танигдах гэж чармайн, компанийнхаа нэрийг халхавчлан сайн хүний дүр эсгэж горилсон эрхмүүд товлосон тойрог, нутаг нугынхандаа бэлэг сэлт тараах, уулзах ажил бүр жилийн өмнөөс эхэлжээ.

Гэхдээ хамгийн хүчтэй өрсөлдөөн УИХ-д нэр дэвших эрхээ авахад явагдана. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэхэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж ирэх сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах зарчмын асуудлыг хөндөн ярилцсан байна.

Зарчим дотор яваа зүйл нь сонгуульд нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгө юм. 

АН-аас УИХ-­ын сонгуульд нэр дэвшихээр горилогсод намдаа 100 сая төгрөг тушаахаар тогтсон гэнэ. Энэ мөнгийг эмэгтэйчүүдэд 60 сая төгрөгөөр тогтоожээ. Эцэслэн тогтоогүй ч энэ ханш тэгтлээ буух нь юу л бол. Өнгөрсөн сонгуулиар гэхэд АН-ынхан мандатаа 50 сая төгрөгөөр авч байсан гэдэг.

Энэ хэмжээний мөнгө төлж чадахгүй байгаа тус намын залуучууд нь бухимдалтай яваа сурагтай.