УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан  танилцуулав.

Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жаргалмаа нар танилцуулав. Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалт нэг бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Улмаар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхэд 50.000 төгрөгийн тэтгэмж олгохыг энэ оны 07 дугаар сарын 01-нээс түдгэлзүүлэхээр боллоо.