Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэл дэх PCR шинжилгээний цэгүүдэд ажиллаж байна. Дөнгөж сая Дүнжингарав худалдааны төвийн урд 133 дугаар сургуульд байрлаж буй шинжилгээний цэгээр орлоо.

Иргэд шинжилгээний цаг авах гэхээр цаг дууссан байдаг, хариу нь удаан гарч байна гэх зэрэг гомдол нэлээд их ирж буй. Энэ дагуу газар дээр нь ажиллаж буй аж. 

Нэг хүн шинжилгээ өгөхөд 2 минут зарцуулагддаг бөгөөд тус шинжилгээний цэг өдөрт цаг авсан 400-500 хүнээс шинжилгээ авдаг байна. Өмнө нь цагаар биш шинжилгээ авч байхад өдөрт шахаад 800-1000 хүнээс шинжилгээ авч байсан гэдгийг хэллээ.

Энэ үеэр С.Амарсайхан: Иргэд шинжилгээ өгөх цаг цахимаар авах гэхээр цаг байхгүй гэж байна. Та бүхнийг харахад ачаалал харьцангуй багатай байна. Нэмэлт цаг гаргаад, илүү олон иргэнээс шинжилгээ авах боломж байна уу?

Шинжилгээний төв: Нэмж шинжилгээ авах боломж байгаа.

С.Амарсайхан "Шинжилгээ авах цаг нь 09:00-17:00 цагийн хооронд гэж байна. Энэ цагийг 08:00-22:00 цаг гэдэг байдлаар ч юмуу уртасгаж болох уу. Шахаад ажиллавал шинжилгээ авах цаг боломж байна. Өглөө шинжилгээ өгсөн хүний сорьц шинжилгээний цэг дээр орой 17:00 цаг хүртэл хадгалагдаж байгаад ХӨСҮТ-ийн лаборатор руу хүргэгддэг гэж байна. Энийг хурдасгах, хэсэг хэсгээр нь эрт явуулах хэрэгтэй.

Та бүхэн сургуулийн энэ танхимд өөрсдөө ажиллаж байгаа учир орчин нөхцөлөө янзлаад цэвэрхэн, тохитой байх хэрэгтэй. Энэ нь эргээд та бүхний эрүүл, аюулгүй байдал, ажиллах орчин болно" хэмээлээ.


PCR шинжилгээний цэгийн бодит нөхцөл байдал, ажилчдын яриаг дүрс бичлэгээс хүлээн авна уу.