Улаанбаатар хотод  өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Гэвч хангалттай хүрэлцээгүйн учраас оройд нэмэлтээр 99 автобусыг үйлчилгээнд гаргаж эхэлсэн талаар Нийслэлийн тээврийн газар мэдээллээ. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулж, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгажээ.

Мөн автобусны 1-р эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлээд байна. 

Тухайлбал энэ сарын 21, 22-ны өдрийн мэдээгээр автобусны хөдөлгөөнд саад учруулсан болон зогсоол дээр удаан зогссон 408 зөрчил илрүүлж, 123 зөрчилд сануулах, 114 зөрчилд 2 сая 320 мянган төгрөгөөр торгох, 10 зөрчилд бичиг баримт хураасан, 161 зөрчлийг баталгаажуулан ЗХУТ-д хүргүүлэн, шуудангаар торгууль илгээх арга хэмжээг тус тус аваад байна.