Угаарын хийн улмаас 3 настай зээ охиноо алдсан, мөн охиноо удтал эмчлүүлж буй иргэн Л.Галбадрах "Тавантолгой түлш" ХХК-ийг шүүхэд өглөө.

Иргэн Л. Галбадрахын охин болон гурван настай зээ 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө угаартаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Харин охин Г.Уянга нь угаартаж, олон цаг хэвтсэнээс болж зүүн хөлийн судас боогдож хагалгаанд оржээ. Одоо ч эдгээгүй бөгөөд хөлний ул үрэвсэж, цоорсон байдалтай дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тэрбээр гэр бүлд нь тохиолдсон уг явдлын дараа шүүхийн байгууллагаар явсан ч тусыг олоогүй байна.

Тиймээс тэрбээр өнөөдөр уг "Тавантолгой түлш" ХХК-ийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. 

Иргэн Л. Галбадрах нь "Тавантолгой түлш" ХХК нь бүтээгдэхүүний зааварчилгааг зөв өгөөгүй хэмээн буруутгаж буй. Үүний улмаас хүмүүс энгийн нүүрс шиг түлээд угаартсан болгоомжгүй үйлдлээр хүний амь насанд хүрсэн хэмээн үзэн Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэлээ.