Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлтийн талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө. Тэрээр "Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн төлөвлөгөө, тээвэрлэх маршрутыг нарийвчлан гаргаж тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж болон 10 төрийн байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна" хэмээлээ. 

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Өнөөдрийн байдлаар 383 цэгт өдөрт 3052 мянган тонн түлш хүргэгдээд байна. Өнгөрсөн онд нийт 196.560 тонн түлш тээвэрлэсэн бол 2020 онд 660 мянган тонн түлш тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт, зарцуулалт болон угаарын хий мэдрэгчийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна" гэв.  

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий  мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Мөн утаа мэдрэгчийг өрх бүрт суурилуулж, ажилууллах заавар зөвлөмжийг тарааж ажиллахыг дүүрэг хороодын Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газарт даалгалаа.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс