Олон улсын парламентын холбоо болон С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах УИХ-ын Түр хорооноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр гүтгэж эрүүдэн шүүсэн гэсэн дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагыг энэ сарын 17-нд Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-т хүргүүлсэн юм.

УЕПГ өнөөдөр тус шаардлагын хариуг өглөө.

Шаардлагын хариуд:

УЕПГ-т гаргасан 2019 оны 12 дугаар 17-ны өдрийн 08 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч, танилцлаа. Та бүхний төлөөлөлтэй УЕП-ын орлогч С.Алиманцэцэг уулзаж, дурдсан асуудлын дагуу Прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлын талаар танилцуулсан. Прокурорын байгууллагаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд гарсан төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг бүхий мэдээ мэдээллийг цаг алдалгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар шалгуулж, дээд шатны прокурорууд биечлэн хяналт тавьж ажиллаж байна. 

... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэрэгт прокуророос нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн тухайн хэргийн оролцогч нар мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрхтэй байхаар зохицуулсан. Иймд та бүхэнд тухайн эрүүгийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулд зааснаар шүүхийн урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй. Прокурор хорих ангийн үйл ажиллагаанд болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүл мэндийн байдалд хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж байна. 

Прокурорын байгууллага нь олон нийтийн зүгээс тавьж буй шаардлагыг анхааралдаа авч, хэргийг хуулийн хүрээнд шалгаж, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна" хэмээжээ.

Шаардлагын хариуг УЕПГ-ын Тамгын хэлтсийн дарга О.Машбат иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд хүлээлгэн өгөв.