Хэрэглэгчийн төлөө улсын анхдугаар зөвлөлгөөн өнгөрсөн даваа гарагт боллоо. Тус зөвлөгөөний үеэр Шадар Ө.Энхтүвшин "Ерөнхий юм ярьсан, хэт дэглэсэн, албархуу уйтгартай арга хэмжээ битгий болгоосой гэж хүсч байна. Ингэж бодож байгаа учраас би ч тодорхой асуудлыг шууд хөндөж ярья.

Юуны түрүүнд, “Хэрэглэгч бол хаан” гэсэн гоё үг, лоозонгоо бодит ажил болгоцгооё! гэж хэлмээр байна. Одоо ерөнхийгөөс тодорхой руу, хэлбэрээс агуулга, чанар руу шилжих цаг болсон. Үнэхээр, “Хэрэглэгч хаан” мөн юм бол тэдэнд гоё бичигтэй, алтан шаргал өнгөтэй цаасан малгай биш, харин тэр жинхэнэ хааны титэмийг нь өмсгөмөөр байна.

“Хэрэглэгч бол хаан” гэсэн тод үсэгтэй том самбар энд тэнд өлгөчихөөд, түүний цаана хортой хүнс, хугацаа нь дууссан бараа , хуурамч эм шатахуун , хэмжээ, нормдоо хүрдэггүй байр сууц, хууль бус үйлчилгээ, хонжоо ашиг хайсан хэт өндөр үнэ тариф, хохирлын төлөө хүлээх хариуцлагыг үл тоомсорлох, шударга бус үйлдэл, бас заль мэх, хуйвалдаан үгсэл, тохиролцоо, хуулийг гуйвуулсан элдэв тайлбар бүгд байна. Эдгээр нь яах аргагүй хэрэглэгчдийн дайсан мөн.

...Онцолж ярих бас нэг зүйл бол эцэг эх, хүүхдүүд рүү чиглэсэн ажил юм. Манайхан “Хүүхэд- хэрэглэгч” гэдэг гоё нэрийг олсон байна. Харин энэ хүрээнд тодорхой ажлууд хиймээр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хямдхан хаамер, хуванцар тоглоомнууд хэдэн саяараа импортлогдож, худалдаалагдсан. Хүүхдээ уйлангуут нь өнөөх тоглоомуудаа гарт нь бариулчихдаг. Нялх үрс маань тэдгээрийг өдөржин барина, хазна долооно, хүлхэнэ. Энэ тун аюултай шүү гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулаад байна. Хожим ямар ноцтой үр дагавар илэрч өвчин гарч ирэхийг хэн ч өнөөдөр ярихгүй байна. Компьютер, гар утасны зохисгүй хэрэглээ, хортой үр дагаврын тухай нэг үеэ бодвол нилээд ярьж байна. Гэхдээ нийтийг хамарсан зохицуулалт, хяналт, соён гэгээрүүлэх ажил алга.

 Өөр нэг чухал асуудал бол  “Сурагчдын үдийн цай” хөтөлбөр юм.

2006-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх үедээ би энэ хөтөлбөрийг “Мобиком” корпорациас 300 сая төгрөг хандиваар авч эхлүүлж байсан. Тийм учраас, миний бие энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлж анхаарч, байнга чих тавьж явдаг юм. Маш зөв ажил болсон гэдгийг олон нийт хэлж байгаа.

Харамсалтай нь, зарим сургуулийн захирал, бусад албан тушаалтнууд үүнийг өөрийн болон ах дүү, хамаатан садан, найз нөхдийн бизнес болгож байна. Бас түүнд байнгын хяналт тавьж чадахгүй байгаагаас хоолны хордлого төв хөдөөгийн олон сургууль дээр гарсаар байна. Эцэг эхчүүд ч олигтой анхаардаггүй.

Одоо УИХ-ын зарим гишүүд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгоно гээд санаачлага гаргаад явж байгаа. Хэрэгжих эсэхийг мэдэхгүй. Тийм учраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэглэгчийн төлөө байгууллага, түүний салбар нэгжүүд, идэвхтэн сонгуультнууд барьж аваасай гэж хүсч байна" хэмээлээ.