Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ оны 8 дугаар сарын 14-нд Засгийн газрын 320 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд Монгол Улс дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд шалгалт хийж, дүнг танилцуулахыг заасан.

Үүний дагуу тус сарын 30-наас эхлээд уг чиглэлээр 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, дүнгээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Эдгээрийн 2225 нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, үлдэж буй 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Дээрх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 2889 тусгай зөвшөөрлийг бүгдийг нь 38 асуулгын дагуу нэг бүрчлэн авч үзсэн. Улмаар тусгай зөвшөөрөл тус бүр дээр нэгдсэн мэдээлэлтэй боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тусгай зөвшөөрлүүдийн нэгдсэн сантай болгохоор шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллүүд байгууллага бүрт тусдаа байдаг. Нэгдсэн мэдээлэл байдаггүй. Энэ цоорхойг ашигладаг хүмүүс бий. Үүнийг цэгцлэнэ" хэмээн мэдээллээ.