Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөө 08.00 цагаас хуралдаж, үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдсан.

Засгийн газрын тус хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусийн халдвар улам эрчтэй тархаж байна. Дэлхийд 200 орчим улс байдгаас өнөөдрийн байдлаар 188-д нь уг вирус тархаад байна. Иймд Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гарагт хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх хугацаа, олон улсын нислэг, гал тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Засгийн газар өнөөдөр уг шийдвэрийг дэмжиж баталлаа.

Цагааннуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгийн аймагт 390 хүн ажиглалтад тусгаарлагдаж байна. Энэ байдлыг журамлахын тулд Цагааннуур боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны 20.00 цаг хүртэл үргэлжлүүлээд, түүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ.

Мөн Алтанбулагийн боомтоор манай улсын олон иргэн орж ирж байгаа. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтэд уг боомтоор орж ирсэн нийт 400 гаруй хүн ажиглалтад тусгаарлагдсан. Орж ирсэн хүмүүсийн байрлах байр хүрэлцээгүй болж буй учир хөдөлгөөнийг журамлах шаардлага үүслээ. Иймд Алтанбулаг боомтоор ирэх бямба гарагийн өглөөний 06.00 цаг хүртэл иргэдэээ хүлээж авна. Түүнээс хойш зогсоохоор шийдвэрлэлээ" хэмээн мэдээллээ.