Яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд сайд нарт нэр дэвшиж буй гишүүдээс асуулт асууж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Шадар сайдад нэр дэвшиж буй Ө.Энхтүвшингээс "Та өнгөрсөн долоо хоногт шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн амлалт өгч, бүх нийтэд мэдэгдэж байсан. Энэ амлалтаасаа ухарч, Шадар сайдын албан тушаалд нэр дэвших болсон шалтгаан юу вэ?" хэмээн асуулаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Би шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд залуу хүмүүсийг түлхүү оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үзлийнхээ дагуу нэр бүхий залуу зургаан УИХ-ын гишүүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргаж нэлээд хөөцөлдсөн.  Харин манай намын удирдлагууд улс орны нийгэм, эдийн засаг хүнд байгаа энэ үед улс төрийн туршлагатай хүмүүсээр Засгийн газрын багийг бүрдүүлэх шаардлага тавьж, намайг энэ үед улс орныхоо төлөө туршлагаа ашиглан зүтгэ гэсэн. Тулж ярьсан. Би хамт олондоо захирагддаг хүн учир Шадар сайдад нэр дэвших саналыг хүлээж авсан юм. Би албан тушаал давхарлахаас илүү улс орныхоо төлөө ажиллах үүрэг, хариуцлагаа нэмэгдүүлж байна"  гэв.