Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны дараа тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс коронавирус илэрсэн нь гадаадад байгаа олон мянган монголчуудын дотор ийм эрсдэлд орсон хүн байгаа юм байна гэсэн сургамж боллоо. 

Чухам хэд вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй. Коронавирусийн халдвар авсан, тээгч болсон хүмүүс явж байж магадгүй. Тиймээс монголдоо байгаа хүмүүс халдвар аваагүй гээд суухгүйгээр гадаадад байгаа иргэд рүүгээ анхаарч ажиллах, тэдэнтэй байнга холбоотой байх, зөвлөгөө өгөх зэрэг зохион байгуулалтын болон бусад арга хэмжээ авах шаардлага гарч байна. Зөвхөн БНСУ-д 48.000 гаруй монгол иргэн байгаа.

Франц иргэний ойрын хавьтлыг орон нутаг руу алдчих вий гэж Улаанбаатар болон бусад аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хаагаад, нээсэн. Казакстан улсад коронавирусийн дэгдэлт байгаа учир одоо зөвхөн Баян-Өлгий аймагт хөл хориотой байгаа.

Дахиж хөл хөдөлгөөн хорих шалтгаан одоогоор байхгүй.

Халдвар илэрсэн хүмүүс хаана байсан, онгоцонд хэний хажууд суусан, хавьтлын хүмүүс нь хэн бэ гэдэг нь тодорхой байгаа" хэмээлээ.