Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордож хэд хэдэн иргэн нас барсан, хордож эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин "Зургаан хүн нас бараад байна. Өнгөрсөн шөнө 62 настай иргэн бурхан болчихлоо. Гурван лабораторын шинжилгээний дүн уржигдар гарсан. Сайжруулсан түлштэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Гэхдээ бид үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзээд Солонгос, Хятад, Орос гэсэн гурван улс руу түлшний дээж явуулсан. Хариуг нь хүлээж байна. Үүсээд буй асуудал түлштэй холбоотой байна уу гэдгийг эхлээд мухарлах хэрэгтэй. Цардуул нь стандартад нийцсэн бодис эсэхийг шинжлүүлэхээр Химийн хүрээлэн рүү явуулчихлаа.

Хэрэв түлштэй холбоогүй бол юунаас болж байна вэ, асуудал юунд байна вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Үүнд мэргэжлийн хүмүүс янз бүрийн зүйл хэлж байна. Иргэн нас барсан, хордсон айлуудад мэргэжилтнүүд очоод хордсон түлшнээс нь дээж авч шинжлээд, зуух, галлагаа, түлштэй холбоотой байна уу гэдгийг айл бүрээр нь тогтоох нь зүйтэй гэж үзэж буй. Үүнийг тогтоохоор 93 хороонд тараад ажиллаж байна.

Би хороон дээрээ ажиллахад төслийн зууханд зүгээр, ханан пийшинтэй айлд жаахан хүндрэлтэй байна гэж хэлж байсан. Үнэхээр ханан пийшинтэй айлд таарахгүй байгаа бол одоо зогсоох хэрэгтэй. Энэ мэт тодорхой арга хэмжээг авах шаардлагатай. Уг нь бол өмнө нь бид судалгаа, туршилтууд хийсэн, болж байна гэж үзсэн. Гэтэл дутуу ажилласан гэдгийг нөхцөл байдал харуулж байна. Бэлэн байдлыг шалгачихлаа. Хэн нэгэн одоо өөрийгөө хамгаалах гэсний хэрэггүй. Цаана нь хүний амь нас эрсдэж буй учир асуудалд бодитоор хандах хэрэгтэй" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.