Соёл урлагийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр "Соёлын шинэчлэлийг дэмжье" уриатай хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "Монголын соёл урлагийн салбарын ууган байгууллагууд болох УДЭТ, УДБЭТ, Монголын үндэсний номын сангийн бүтээн байгуулалтын ажлыг зогсоох болсон тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 08-нд мэдэгдэл хийснийг эсэргүүцэж байна. Тус байгууллагуудын барилгыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийлээ.

Улмаар төр засагт хандаж, дараах асуудлуудыг хэрэгжүүлэхийг дэвшүүллээ.

-БСШУС-ын сайд дээрх мэдэгдлээ эргэн харж, УДЭТ, УДБЭТ, Монголын үндэсний номын сан зэрэг байгууллагуудын барилгыг шинэчлэх, сайжруулах ажлыг эхлүүлэх төсөв хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулган батлуулах

-Засгийн газраас УДЭТ, УДБЭТ, Монголын үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх, сайжруулахаар гаргасан түүхэн шийдвэрээ хэрэгжүүлэх

-Нийгэмд худал, сөрөг мэдээлэл тарааж ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг зогсоох соёл урлагийн салбарыг дэмжих ажлыг эрчимжүүлж, УДЭТ, УДБЭТ, Монголын үндэсний номын сангийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсний дагуу зохион байгуулах

-УДЭТ, УДБЭТ, Монголын үндэсний номын сангийн барилгад шинэчлэл хийж, сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд буйг ард иргэд болон эсэргүүцэн тэмцэгчдэд мэдээллэн таниулах асуудлуудыг хэрэгжүүлэхийг шаардав.

Энэ үеэр УДЭТ-ын захирал, МУУГЗ Д.Цэрэнсамбуу "Үндэсний театр, номын сан, музей зэрэг нь аливаа улсын оршин тогтнохын нэг үндэс болдог. Төр, түмэн олныхоо хайр ивээлээр хөгжиж ирсэн зүйл манай урлагийн салбарт олон байгаа. Үүний хажуугаар дэлхийгээс, нийгмийн хөгжлөөс хоцрогдож байгаа олон зүйл байна. Тухайлбал, манай театрын хувьд Үндэсний урлагийн театр, улсын хүүхэлдэйн театр, УДЭТ гэх 3 байгууллага 3 өрөөтэй айлын байранд байгаа юм шиг л байдаг. Ээлжилж ажиллах шаардлага үүсдэг. 

Театрын урлаг нь тодорхой орчин нөхцөл шаарддаг. Энэ утгаараа барилга байгууламжийн асуудал хамгийн бэрхшээлтэй байна. Уран сайхны гэрэлтүүлэг, тайзны тоног төхөөрөмж зэргээрээ бид дэлхийгээс хол хоцорсон. Гар ажиллагаатай тоног төхөөрөмжөөр ажиллаж байна. Гадаад руу уралдаан тэмцээнд явахаараа ичдэг. Үүнд төр засаг анхаарал хандуулж эхэлж байтал зогсоож буйд маш их харамсаж байна. Үргэлжлүүлэхийг хүсэж байна" хэмээв.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй соёл урлагийн байгууллагуудын барилга шинэчлэл, засварын ажилд тодорхой бэрхшээл гарлаа. Соёлын өвтэй холбоотойгоор энэ барилгуудыг шинэчлэн засварлах, зураг зохиолгох, тендер, төсөвт зориулж 2020 оны улсын төсөвт байгууллага тус бүрийн шинэчлэлд зориулж төлөвлөгдөөд байсан 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг асуудлыг татаж авч, хөрөнгө оруулалтыг зогсоолоо гэсэн мэдэгдлийг БСШУС-ын сайд хийсэн. 

Энэ нь бидний маш олон жил хүлээж байсан соёлын шинэчлэлийн асуудал гацаанд орж буйгийн нэг хэлбэр болсон маш харамсалтай шийдвэр болж байна. Тус байгууллагуудын барилга эрсдлийн байдалтай байна. Нурах, хүний амь нас эрсдэх магадлал өндөр байна гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд гарсан байдаг. Театрын уран бүтээлчид дуртай ажлаа үргэлжлүүлэхийн тулд өөрсдөө будаг, засвар хийж, Үндэсний номын сангийнхан бороо орохоор усны гутлаа өмсөөд, шалны алчуураа бариад архив дотроо ажилласаар өнөөдрийг хүрч байна. Соёлын өвд халдаж байна гэсэн иргэд, ТББ-уудын хүчтэй эсэргүүцлээр барилга шинэчлэлийн ажлуудын хөрөнгө оруулалт тасарч байна. Харамсаж байна.

УДЭТ-ын жүжигчин, Ардын жүжигчин Н.Сувд "Би драмын театрт яг одоо ажиллаж буй уран бүтээлчдээ төлөөлж хэвлэлийн хуралд оролцож байна. Энэ барилгын тухай 60 жил ярьж буйг би нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрч байгаа хүн. Намайг хүүхэд байхад энэ тайз болохгүй байна гэсэн яриа байсан. Энэ жил анх удаа барилгыг шинэчлэх боллоо гэж бид баярлаж байсан. Энэ байшин тогтох үндэслэлгүй, тоосго нь ялзарсан гэдгийг хяналтаар тогтоосон байдаг. Гэтэл будаад өнгийн нь сэргээгээд байж болдоггүй юм уу гэж ярьж байна. Будаад байж байтал нурвал яах юм. Зун үзэгчид тоглолт үзээд сууж байхад нь дээрээс нь бороо ордог. Энэ байшинг шинэчилэхэд хэдэн төгрөг гарахыг ярьж байнан. Гэтэл ийм барилгатай үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хичнээн их төгрөг зарлагадаж буйг тооцож байгаа хүн байна уу. Энэ байшинг нураасан ч яг энэ үзэмжээр нь сэргээн шинэчилж босгоно гэж буй. Үүнийг цуцалсан шийдвэрээ эргээд харна гэж найдаж байна. Түүнээс биш өв сочлоо устгах санаатай уран бүтээлч нэг ч байхгүй" хэмээлээ.