Хүнс үйлдвэрлэгчид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа дэлхийн хүн амыг тэжээхэд хүрэлцэхүйц хүнсний нөөцийг бий болгохын тулд шинэ арга замууд хайж, туршсаар байна. Тун удахгүй лабораторт ургуулсан, ургамлын гаралтай махаар хийсэн шүүслэг стейк эсвэл бургерууд томоохон хотуудын рестораны менюд орчихсон, маханд дурлагсдын хорхойг хүргэх гэнэ. 


Голландын эрдэмтэн Марк Пост лабораторийн нөхцөлд

гарган авсан дэлхийн хамгийн анхны үхрийн махан бургерийг барьж буй нь


Эх сурвалж: Boston Globe

Мах, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ огцом өссөн өнөө үед байгаль орчинд ээлтэй, уургийн өндөр агууламжтай орлогч бүтээгдэхүүнүүдийг гаргаж авах шаардлага тулгарч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

АНУ-ийн Вашингтонд үйл ажиллагаагаа явуулдаг Good Food Institute-ийн гүйцэтгэх захирал Брюс Фредрих хэлэхдээ: “Улам л хотжоод байгаа хүмүүс бид ирээдүйд мах л идэх болно, гэхдээ мал аж ахуйн гаралтай мах биш. Харин ургамлаас гаргаж авсан, үйлдвэрт ургуулсан мах бол бидний ирээдүйн хүнс”. Тэрээр өндөр хөгжилтэй улс орнууд 2050 он гэхэд уламжлалт махнаас татгалзана гэж тооцоолж байгаа юм байна. 

Шавьж, хорхой эсвэл спирулина мэт уургийн өндөр агууламжтай замаг, загаснууд ирээдүйд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын эхэнд бичигдэнэ гэж бусад мэргэжилтнүүд таамаглаж байна. 

2050 он гэхэд 10 тэрбум хүний хэрэгцээг хангахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 50%-иар өсгөх шаардлага тулгарч байгаа талаар НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) мэдэгджээ. Наад захын шийдэл нь баян хүмүүсийн өдрийн хэрэглээний илчлэгийн хэмжээнээс танах, амьтны гаралтай уургийн хэрэглээг багасгах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийхаягдлыг 1/3-р бууруулах зэрэг арга хэмжээнүүд байж болох юм. 

НҮБ-ийн ХХААБ-ын судалгаагаар нийт газар тариалангийн талбайн 80% нь малын бэлчээр хэлбэрээр ашиглагддаг. Мал аж ахуйн салбар дэлхийн цэнгэг усны нөөцийн 10%-г хэрэглэдэг бөгөөд метан болон дэлхийн дулаарлыг хурдасгадаг бусад бодисуудыг ялгаруулж, их хэмжээний цөлжилт явагдах үндсэн шалтгаан болдог ажээ. 

Амьтдад ээлтэй бүтээгдэхүүн

Амьтны анхдагч эс дээр өсгөвөрлөх аргаар гаргаж авсан “цэвэр” махны үнийг огцом бууруулах технологийг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн компаниуд хамтран ажиллаж байна.Үйлдвэрт ургуулсан мах нь жинхэнэ махнаас бага өртөгтэй байх ба газар тариалангийн талбайн хэрэглээг 99%-р багасгах гэнэ. 

“Хэдэн жилийн дараа гэхэд махан идэштнүүд амьд амьтан нядалж гаргаж авсан уламжлалт мах эсвэл яг л жинхэнэ мах шиг бүтэц, өнгө үзэмж, амттай, амьтны амь бүрэлгээгүй “цэвэр” мах хоёрын хооронд сонгох боломжтой болох юм” хэмээн Израилийн Modern Agriculture Foundation компанийн захирал Ярон Богин хэлжээ. 

Хаа сайгүй л старт-апууд лабораторийн нөхцөлд эсийн аргаар өндөг, сүү, загасыг ургуулж, өсгөвөрлөж байна. 

Сан-Франциско хотод төвтэй Hampton Creek компани дараа жил гэхэд хэрэглэгчиддээ анхны “цэвэр” махан бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьж байгаа боловч салбарын мэргэжилтнүүд болон бусад компаниудын таамгаар технологийн болон бусад хууль тогтоомжийн асуудлаас болж ургамлын гаралтай мах өндөр зэрэглэлийн ресторанд очих хүртэл 5 жил, өргөн хэрэглээний супермаркетуудад зарагддаг болох хүртэл 10 жил шаардагдах юм байна. 


Ургамлын гаралтай түүхий мах

Эх сурвалж: Quartz

Эсийн өсгөврийн аргаар Еврей болон Ислам шашны хүмүүс идэж болохуйц кошер, халал тахианы мах гаргаж авахаар туршилт судалгаа хийж байгаа Израилийн SuperMeat компанийн захирал Идо Савир: “Бид хадгалж, тээвэрлэж болохуйц хүнсээ өөрсдөө бүтээх боломжтой болно” гэж мэдэгджээ. Энэхүү технологийн тусламжтайгаар махгүй, тэжээллэг чанар муутай хоол хүнс хэрэглэдэг хөгжиж буй орнуудын иргэдэд уургийн агууламж өндөр хүнсийг хэрэглэх боломж олгох юм. 

750 тэрбум долларын эргэлттэй махны зах зээлийн томоохон үйлдвэрлэгчид мөн л уламжлалт махыг орлох бүтээгдэхүүн хайж байна. АНУ дахь махан бүтээгдэхүүний топ үйлдвэрлэгч Tyson Foods компани махыг орлох хямд өртөгтэй уургийн эх үүсвэр бүтээхэд 150 сая долларын хөрөнгө босгож, ургамлын гаралтай мах үйлдвэрлэгчBeyond Meat компанид хөрөнгө оруулжээ. 


Beyond meat компанийн үйлдвэрлэдэг

ургамлын гаралтай махан бүтээгдэхүүнүүд

Эх сурвалж: Pro Food World

Харин Билл Гейтс, Ричард Брэнсон болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Cargill компани шувуу, үхэр, гахайн “цэвэр” мах гаргаж авах гэж буй Калифорнийн Memphis Meats компанид мөнгө хаяцгааж байна. 


Шавьж хорхой идэх үү?

Зарим антерпренерууд тэрбум хүмүүсийн өдөр тутамдаа иддэг, хот доторх үйлдвэрүүдэд үржүүлэх боломжтой, заавал их хэмжээний газар нутаг шаардахгүй, уургаар баялаг шавьж хорхойнуудыг аль хэдийнээ нүдэлсэн гэнэ. 


Уургаар баялаг шавьж хорхойнууд

Эх сурвалж: Straight

Нью-Йоркийн Terreform ONE компани голио өсгөж үржүүлэх зориулалттай, шувууны өдөөр чимэглэсэн, футурист, орчин үеийн шийдэл бүхий ферм бүтээжээ. Уургаар баялаг голионуудыг нунтаглаж гурил хийх боломжтой гэнэ.

“Хорхой шавьж үйлдвэрлэх ашигтай, бусад аж үйлдвэрлэлтэй харьцуулахад асар их ялгаа гарч байна: усны хэрэглээ 1000 дахин, CO2-ийн ялгаралт 300 дахин бага. Хот дотор шавьж үржүүлэх нь маш хямд өртөгтэй” хэмээн Terreform-ийн үүсгэн байгуулагч Митчел Жохим ярьсан байна. 

Ёс зүйн болон орчны нөлөөллийн асуудал улам хурц тавигдаж байгаа өнөө үед боломжийн үнэ өртөг болон зөв маркетингийн тусламжтайгаар хэрэглэгчдийг эрс өөр сонголт хийхэд нөлөөлж болно. 

Хоол, хүнс судлаач Морган Гэийн бодлоор: “Бүх зүйл үнэ өртгөөс шалтгаалдаг, худалдан авах боломж байна уу үгүй юу гэдэг нь чухал. Амт л бүхнийг шийднэ гэж бид бодох дуртай ч, ганцхан амтнаас нь болж хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуун дээрээс сонгож авдаггүй” аж. 

Гэсэн хэдий ч улс орнууд одоо идэж байгаа хоол хүнсээ ашиглан хооллолтын тогтолцоондоо голлох өөрчлөлтүүдийг хийх замаар өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээ, орчны асуудлуудаа шийдвэрлэж болох юм. Энэ тухай НҮБ-ийн ХХААБ мэргэжилтэн Жиованни Беллу:

  • “Precision agriculture технологи ашиглан илүү үр ашигтай үйлдвэрлэл явуулж, сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой. Махны хэт их хэрэглээг танаж, тогтсонхоолны дэглэмээ илүү зөв, зохистой болгох шаардлагатай. Улмаар ядуучуудад ноогдох амьтны гаралтай уургийн хэмжээ нэмэгдэнэ. Хөгжингүй орнуудад ашиглагдаж байгаа техник, технологио ядуу орнуудад нутагшуулах зэрэг өөрсдийн мэддэг аргаар асуудлыг шийдвэрлэж болно шүү дээ. Шавьж хорхой идэж эхлэхээс өмнө хийх ажил их байна” гэж хэлсэн байна. 


Эх сурвалж: World Economic Forum