Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 1.8 сая хүн өвчилж, одоогоор 1.3 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. 

АНУ, Итали, Герман, Иран, Испани, Франц, Швейцарь, Их Британи, Турк улсад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. Нас баралтын түвшин Итали улсад хамгийн өндөр буюу 12.8, Их Британид 12.5, Бельгид 12 хувь болсон.

Азийн орнуудын хувьд Япон улс анхаарлын төвд байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 500 шинэ тохиолдол бүртгэгдсэний олонх нь эмнэлгээр үйлчлүүлсэн хүн болон хамт явсан ар гэрийнхэн нь байна. 

Хөрш ОХУ-д өвчлөл эрчтэй нэмэгдэж, өчигдөр 2186 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас барсан. Улаан-Үдэ хотод 77 хүн өвчилснөөс 13 нь хүүхэд, Эрхүүд 33 тохиолдол бүртгэгдсэнээс 2 нь хүүхэд байна. 

Эндээс үзэхэд бага насны хүүхдүүд халдвар авах эрсдэл их байгаа учраас манай иргэд анхааралтай байж, бага насны хүүхдээ дагуулж, дэлгүүр, олон нийтийн газраар явахгүй, айл хэсэхгүй байх шаардлагатай" хэмээлээ.