Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу нарийвчилсан шинжилгээ хийхэд хоёулангаас нь коронавирус илрээгүй. Түргэвчилсэн оношлуурын хариу эцсийн баттай хариу болохгүй гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүнд, тандалтаар 19 хүнд, Дундговь аймгаас тандалтаар ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байна.

ХӨСҮТ-д нийт 245 хүн байгаа. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 30 тохиолдол бүртгэгдсэнээс 5 нь эдгэрсэн, 25 нь эмнэлэгт эмчлүүлж буй. Өчигдөр хийсэн шинжилгээнүүдээс коронавирус илрээгүй байна.