Шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох төрийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн лабораторт ирсэн шинжилгээнүүдийн хариу бүгд сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Харин өчигдөр буюу энэ сарын 06-ны өдөр ХӨСҮТ-д 6 хүнийг тусгаарлан, хянаж байна. Мөн Ховд аймагт 2 хүн, Дархан-Уул аймагт 1 хүнийг тус тус тусгаарласан, тэдний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирсэн. Хариу нь гарахаар мэдээлнэ. 

Одоо бидний хамгийн гол зүйл бол анхаарлаа сулруулж болохгүй. Хувийн хамгаалах хэрэгсэл буюу маск хэрэглэх, гараа тогтмол угаах, ариутгах, олон хүнтэй газраар явахгүй байх нь чухал байна. ДЭМБ ч үүнийг шаардаж байна" хэмээлээ. 

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 31427 тохиолдол бүртгэгдсэнээс 1542 хүн эдгэрч, 637 хүн нас баржээ. БНХАУ-аас гадна 24 улсад тус вирусийн тохиолдол илэрсэн байна.