Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 13-нд нийт 820 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 3-аас нь коронавирус илэрсэн. Бусад 817 хүнээс коронавирус илрээгүй. 

Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүний шинжилгээ, хотод илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнд шинжилгээ хийхэд тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдээс коронавирус илэрсэн. /Өчигдөр бид мэдээлсэн

Хоёрдагч хавьтал 2775 хүнийг илрүүлж, 645 хүнийх нь шинжилгээний хариу гарсан. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Улмаар тухайн голомтод /жолооч Д/ батлагдсан тохиолдол 7 боллоо. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний нэг баг ажиллаж байна. Тус аймагт батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлж, шинжилгээ хийж байна. Урьдчилсан байдлаар 103 хүний шинжилгээний хариу гарсан. Бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Шуурхай хариу арга хэмжээний хоёрдугаар баг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Хяналт, тандалтаар 136 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 416 байна. Тэдний 328 нь эдгэрсэн. Өнөөдөр 11 хүн эдгэрч, ажиглалтын сувилалд шилжсэн. 

ХӨСҮТ-д 83 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөвтөр байна. ХӨСҮТ-д нийт 158 хү ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамнаас өчигдөр 17:00 цагт хийсэн мэдээллээс хойш шинээр коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй, 11 хүн эдгэрсэн байна.