Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 10.978.000 хүн өвчилж, 522.000 хүн нас баржээ.  

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 184.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 3.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 24 цагийн дотор АНУ-д 54.000, Бразилид 48.000, Энэтхэгт 21.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.000 хүн шинээр өвчилж, 147 хүн нас барсан байна. Улмаар өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 34-112 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 112 хүн өвчилж, нийт өвчлөл 4.714 болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдож эхэлсэн. Буриадад шинээр 37 хүн өвчилж, нийт өвчлөл 2.991 боллоо.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 541 хүн ажиглалтад орж, 274 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2.712 хүн ажиглалтад байна. Тэдэнд 43 их эмч, 55 ресидэнд эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн хоёр онгоцоор нийт 420 хүн, АНУ-аас 25 хүн, Замын-Үүд боомтор 96 хүн ирсэн. Тэднээс 9-ийг нь ХӨСҮТ-д, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг зочид буудлуудад тусгаарласан" хэмээлээ.