Өчигдөр буюу 07 дугаар сарын 17-ны өдөр нийслэл хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автжээ. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулж иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан байна. 

Энэ үеэр алба хаагчид   29 хүний амь насыг авран хамгаалж, зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллав.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байгаа бөгөөд үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн  мэдээллээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон сэрэмжлүүлж байна.