Коронавирусийн халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 3 хүнээс коронавирус илэрсэн. Улмаар манай улсад коронавирусийн нийт 431 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатарт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Иймд ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас оношлогооны 11 цэгийг өргөжүүлж, нийт 19 цэг болголоо. Дээрх 19 цэгт коронавирусийн шинжилгээг хийж эхэлсэн" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 15-нд нийт 1818 хүнд шинжилгээ хийсэн. Гурван хүнээс нь коронавирус илэрсэн. 1815 хүнээс коронавирус илрээгүй. 

Илэрсэн тохиолдлуудыг тодруулбал

  • 11 дугаар сарын 26-нд Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
  • Энхсаран сувиллын үйлчлэгч нэг хүнээс 
  • Сэлэнгийн тохиолдлын ойрын хавьтлын нэг хүнээс коронавирус илэрсэн. 

Улаанбаатар хотын голомтод өчигдөр ойрын хавьтал 170 хүнд, хоёрдагч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Тус голомтын нийт 2753 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд нийт 9 хүнээс коронавирус илрээд байгаа.

Улаанбаатарын 11 цэгт нийт 909 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Сэлэнгэ аймагт илэрсэн тохиолдлын нэгдүгээр хавьтлын нэг хүнээс коронавирус илэрсэн. Улмаар Сэлэнгэ аймагт нийт 4 тохиолдол бүртгэгдлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 431 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдгэрсэн. Сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 2 хүн байна. 310 хүний бүх ажиглалт, тандалт дууссан. 6 хүн нутаг буцсан.

ХӨСҮТ-д батлагдсан 97 тохиолдол эмчлэгдэж буйгаас 2 хүний биеийн байдал хүнд, 20 хүн хүндэвтэр, 75 хүн хөнгөн байна. ХӨСҮТ-д хяналт, тандалт, ажиглалт, эмчилгээнд нийт 165 хүн байна" хэмээлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 53.7 сая хүн өвчиж, 1.3 сая хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагт шинээр 594.000 хүн өвчилж, 6221 хүн энджээ.