ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын тээврийн үйлчилгээний “Uber” компанийн АНУ, Канад дахь бага үнэлгээтэй үйлчлүүлэгчид “Uber” сүлжээнд нэвтрэх эрхээ алдах эрсдэлтэй болсон байна.

Uber” компани аюулгүй байдлын бодлогоо шинэчилж, үйлчлүүлэгчдийг авсан үнэлгээнд нь тулгуурлан эрхийг нь хасах журмыг оруулсан бөгөөд энэхүү журам лхагва гарагаас хэрэгжиж эхэлжээ. 

Компанийн мэдэгдэлд дурдсанаар, үнэлгээний хамгийн бага үзүүлэлтийг удаа дараа авсан үйлчлүүлэгчдэд уг журам хамааралтай бөгөөд маш цөөн тооны хүн эрхээ хасуулна хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн бага үнэлгээтэй үйлчлүүлэгчдийн хувьд үнэлгээгээ сайжруулахын тулд илүү эелдэг боловсон байж, тээврийн хэрэгсэлд хог үлдээхгүй, хурдны хязгаар хэтрүүлэхийг жолоочоос хүсэхгүй байх шаардлагатай болсон байна. 

Сан-Франциско хотод төвтэй “Uber” компани нь 91 сая гаруй идэвхтэй үйлчлүүлэгчтэй бөгөөд дэлхийн 63 улс орон, бүс нутагт үйлчилгээгээ нэвтрүүлжээ. АНУ-д “Uber” компани сар тутам 40 сая хүнийг унаагаар хангадаг байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг