Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулж, мэдээлэл хийлээ. Шинжилгээгээр 3 бөхөөс хориотой бодис илэрчээ.

Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж "Таваас дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-ын Допингийн хяналтын лаборатор руу илгээдэг. Тус лабораторын хариу 77 дугаартай албан бичгээр энэ оны 9 дүгээр сарын 08-нд ирсэн. 

Тус албан бичигт 3 бөхийн асуудал байсан. Тодруулбал,

1. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын харцага Ө.Бат-Оршихийн 440678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалт 20.20-д заасан S1 бүлгийн Trenbolone бодис, S4 бүлгийн Meldonium, S5 бүлгийн Acetazolamide амит гэсэн 3 төрлийн бодис илэрсэн байна.

2. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалт 20.20-д заасан S4 бүлгийн Trimetazidine гэдэг боддис илэрсэн.

3. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалт 20.20-д заасан S1.1 бүлгийн Norethandrolone, S1.1 бүлгийн Drostanolone, S4 бүлгийн Tamoxifen гэсэн гурван төрлийн бодис илэрсэн байна. 

Журамд заасны дагуу ажлын 10 хоногт багтаан дээрх бөхчүүдэд шинжилгээний хариуг тус бүрт нь тусгайлан танилцуулсан. Үүний дараа журмын дагуу Н.Батсуурь, Ө.Бат-Орших, Р.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрч байна. Б сорьцын шинжилгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд шинжилгээний хариуг өнөөдөр олон нийтэд мэдээлж байна" хэмээлээ.

Дээрх бөхчүүдтэй холбоотой буюу давсан давааг нь хүчингүй болгох, цол чимгийг хураах, нөхөж олгох асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо энэ долоо хоногт хуралдан санал гаргаж, Үндэсний бөхийн хороонд хүргүүлнэ. Үндэсний бөхийн хороо санал бүхий шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Улмаар эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах журамтай.