Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликэйшны талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир танилцуулав.

“UB school bus” ухаалаг гар утасны аппликэйшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. 

Эцэг, эхчүүд тус аппликэйшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. 

Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликэйшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж.

Хуралдааны үеэр Хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликэйшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс