НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлаг (Swiss Cooperation in Mongolia) хамтран хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах юм.

Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан зарим судалгааны үр дүнг танилцуулж байна

-1992 оноос хойш 4 удаа Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл,  уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоожээ;

- 1993-1995 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахад 7-8 дахин илүү өвчилдөг, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байна;

-УБ хотын хүүхдийн цусанд агуулагдах хар тугалганы дундаж хэмжээ 2000 онд 10 мкг/дл, 2006 онд 16.5 мкг/дл илэрч байсан бөгөөд хүүхдүүд ой тогтоолт буурах, анхаарал сулрал шинж тэмдэгүүд илэрч байгааг  тогтоожээ;

- Орчны болон амьсгалаар ялгарах агаарын нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж их байх нь хүүхдийн уушгины амьдралын багтаамжийг бууруулдаг болохыг 2011 онд баталсан байна.