Нийслэлийн МАН-аас Орон нутгийн сонгуультай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн МАН-ын хорооны хуульч Ү.Амарбат:

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш ажлын хэсэг дээр маш олон тооны зөрчлийн талаар мэдээлэл ирлээ. Энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ мөчид ч гэсэн өрсөлдөгч намын зүгээс сонгогчдын саналыг худалдан авах оролдлого хийж байна. Баримттай, баримттай олон баримт бидэнд ирлээ. Заримыг нь дүрсээр баталгаажуулсан. Ер нь сонгууль эхлэх үеэс л эрх баригч намыг буруутгасан, иргэдийг турхирч эхэлсэн. 

Тухайлбал Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд бие даан нэр дэвшигч амиа алдсан. Мэдээж эрдэнэт хүний амь нас эндэнэ гэдэг харамсалтай хэрэг. Ашиг хонжоо хайх сэдэв биш. Гэтэл тухайн амь насаа алдсан этгээдийн амийг хороосон хүн нь МАН-ынх байсан гэх илт бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг зарим хэвлэлээр цацаж байгаад харамсч байна.

Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигчдийн хэн нь ч хууль хяналтын байгууллагад шалгагдаагүй. Сонгуулийн дүнгээ хүлээгээд байж байна. 

Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд баримттай зөрчил илэрсэн. Тухайлбал Баянгол дүүрэг амралтанд 4 хоног амрах эрхийн бичгийг их хэмжээгээр иргэдэд тараасан. 280 мянган төгрөгийн нийт 4 хоног Их тамир сувиллын газар амраах эрхийн бичиг байсан.

"Их тамир"  нь С.Эрдэнэ болон хамаарал бүхий этгээдийн амралтын газар байна. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл учраас гомдол гаргасан. Иргэд ч үүнийг өөрсдөө мэдэгдсэн байгаа. 

Мөн Баянгол дүүргийн гурван хорооны хэсгийн ахлагч нар мөнгө тараасан. Үүнийг МАН-ын хэсгийн хорооны гишүүд баримттайгаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 

Сонгуулийн сурталчилгаа дууссан. Гэтэл Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвсэн иргэд сонгуулийн байрны гадуур иргэдтэй уулзаж сурталчилгаагаа үргэлжлүүлсээр байна.