Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргалаа.

Шийдвэрийн талаар тус комиссын дарга Ө.Энхтүвшин "Коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж, нөхцөл байдал улам амаргүй боллоо. Өнөөдрийн байдлаар гурван сая 64 мянган хүн уг халдвараар өвчилж, 211.534 хүн нас барсан байна. Иймд Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. 

Үүнийг дагаад гадаад нислэгүүдийг зогсоосон хугацаа сунгагдаж байна. 

Монгол Улсын иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд, Алтанбулаг боомтоор авна. Манай улсад буй ОХУ, БНХАУ-ын иргэд эх орондоо буцна гэвэл автомашинаар гаргах ажлыг зохион байгуулна. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар мэргэжлийн болон тэнхимийн сургалтын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Дээрх газруудаас үйл ажиллагааг нээх хүсэлтийг олон ирүүлсэн. Дэглэмийг мөрдөж, цөөн хүнтэйгээр үй ажиллагаагаа явуулахаа илэрхийлсэн. Иймд уг асуудлыг энэ долоо хоногт Улсын онцгой комиссын хурлаар дахин хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргахаар боллоо.

Гадаадаас иргэдээ авчрах ажлыг үргэлжлүүлнэ. Ойрын хугацаанд гурван нислэг үйлдэнэ. Нэг нь Германаас, хоёр нь Сөүлээс ниснэ. Сөүлийн нэг нислэгээр зөвхөн БНСУ-д байгаа шинжилгээ өгсөн иргэдийг, нөгөөгөөр нь бусад улсаас БНСУ-аар дамжиж буй иргэдийг авчирна.

Мөн ОХУ-д сурч буй оюутнуудаа ээлж дараатай татан авах шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдээллээ.