Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар бхрилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад хоёр бөхөөс сэргээш илэрсэн хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал, ес даван түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин цол хүртсэн Д.Цэрэнтогтох нар юм.

Уг асуудлаар Улсын аварга Э.Оюунболд "шээсийг сольсон байна" гэх мэдэгдэл хийсэн бол Д.Цэрэнтогтох начин Б сорьцын шинжилгээ өгсөн.

Дээрх бөхчүүдтэй холбоотой асуудлаар Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин "Допингийн асуудлаар маргааш хуралдана. Бид хоёр зүйл хүлээж байсан. Нэг бөх нь Б сорьцын шинжилгээ өгсөн, хариу нь ирсэн. Нөгөө бөх нь өгөхгүй гэсэн. Э.Оюунболд аварга хуулийн байгууллагад хандсан байсан. Тэдгээрийн зарим нь буцаж буй юм билээ. Тэгэхээр уг асуудлаар Үндэсний хороо маргааш хуралдаж шийдвэрээ гаргана. Хуралдаанаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцээд цол хураах, барилдах эрхийг хасах, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина. Улмаар Ерөнхийлөгч шийдвэр гаргана" хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.