МОСКВА. /TASS/. “Твиттер” компани төрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нийгмийн сүлжээндээ зар сурталчилгаа байршуулахыг хоригложээ.


“Өнөөдрөөс эхлэн бид төрийн хяналтанд байдаг хэвлэл мэдээллийн компаниудын сурталчилгааг хүлээж авахаа зогсоож байна. Энэ төрөлд багтсан хаягууд “Твиттер”-т нийтлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Гэхдээ сурталчилгаа нийтлэхгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ. 


Эрүүл, чөлөөт харилцааг хамгаалах сонирхолтой байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаснаа компани мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь татвар төлөгчдөөр санхүүждэг олон нийтийн хэвлэл мэдээлэл хийгээд спорт, хөгжөөнт болон аялалын сэдэвт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хамаарахгүй болохыг онцлон тэмдэглэжээ. 



Төрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн тодорхойлж буй үзүүлэлтүүдэд засварласан материалд тавих хяналт, санхүүгийн хараат байдал, мэдээ дамжуулагч, редактор, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, шууд болон шууд бус улс төрийн шахалт, мэдээлэл хийх, түгээн дэлгэрүүлэх үйл явцад тавьж буй хяналт зэрэг шалгуурыг багтаажээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг