НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ нь орон орны сэтгүүлчдийг хувьд маш хүндэтгэн тэмдэглэдэг байрын өдөр. 

Гэтэл Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоос хэдхэн хоногийн өмнө  олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг кабелийн суваг болох MNBC нь ТВ-8 телевизийн эфирийг хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халджээ. Олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг MNBC компани нь ТВ 8 телевизийн эфирийг шууд хааж, үндсэн үүргээ умартжээ.

Олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээний журмын 11.4 дүгээр зүйлд зааснаар  “Олон Сувгийг Дамжуулах Үйлчилгээ Эрхлэгч нь тухайн орон нутагт Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй  радио, телевиз болон орон даяар нэвтрүүлгээ дамжуулах эрх бүхий үйлчилгээ эрхлэгчдийг сүлжээндээ холбох үүрэгтэй.” гэж заасан байдаг.

Гэвч тус Олон сувгийн үйлчилгээ дамжуулагч MNBC компани нь энэхүү үүргээ умартаж, ТВ 8 телевизийн эфирийг хаасан нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 1, 2-р зүйл заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, зүй бус үйлдэл юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, иргэдийн үг хэлэх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд халдсан явдал болж байна. Энэ талаар MNBC-ийн удирдлагатай холбогдож лавлахад Ард түмний толь 19001952 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдийн мэдээллийн дагуу бэлдсэн “Туулын бургасыг шөнө тайрч байна” гэсэн мэдээнээс болсон гэх тайлбар өгсөн байна.

Иймд "ТВ-8" телевизийнхэн MNBC компани үзэгчдийг хүндэлж, эфирийг нь нээж өгөхийг шаардлаа. Энэ явдал цаашид өргөн нэвтрүүлгийн бусад телевизийг хааж боох зүй бус үйлдэл дахин гарахаас сэргийлж Монголын телевизүүдийн холбоо дуу хоолойгоо нэгтгэж байна.