Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 9.333.000 хүн өвчилж, 473.000 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийт 5.000.000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарч, 3.800.000 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 151.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс  өвчлөл 26.000, нас баралт 1.600 гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Шинэ өвчлөлийн олонх нь АНУ, Бразиль, Энэтхэгт бүртгэгдсэн байна. ОХУ өвчлөлөөрөө 4 дүгээрт орж буй.

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 7.425 хүн шинээр өвчилж, 153 хүн нас барсан байна. Улмаар өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 43-160 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 160 хүн өвчиллөө. Улмаар Тувад коронавирусийн нийт өвчлөл 3.575 болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол үүсэх хандлагатай болсон байна.

Манай улсын хувьд өчигдөр 6 хүн ажиглалтаас гарсан. Одоо 2136 хүн ажиглалта байна. Үүнд 1-5 насны хүүхэд 115, жирэмсэн эмэгтэй 46, архаг хууч өвчтэй 227 хүн байна. Тэдэнд 37 их эмч, 60 ресидэнд эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.