Шинэ он солигдоход 8 хоног үлдлээ. Гэтэл төв талбайн гацуурын гэрлийг асаагаагүй, хийгдэж буй мөсөн урлалуудын ажил дуусаагүй, эл хуль байна.

Шинэ оныг угтаж Улаанбаатар хотын төв хэсэг Сүхбаатарын талбайд жил бүр хамгийн том сүлд модыг засаж, 12 дугаар сарын дундуур гэрлийг нь асаадаг.

Энэ жилийн хувьд өнөөдрийг буюу 12 дугаар сарын 23-ныг хүртэл төв гацуурын гэрлийг асаагаагүй байна. Уг нь энэ сарын 14-нд бүрэн чимэглэж дууссан. Гэрлийг хэзээ асаах талаар энэ сарын 16-нд НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Одоогоор хугацаа нь тодорхойгүй байна. Удахгүй шийдвэр гарна" гэсэн бол өнөөдөр тодруулахад "12 дугаар сарын 25-нд төв талбайн гэрлийг асаах ёслол болно" хэмээлээ.

Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол сүүлийн 6 жил дараах өдрүүдэд болж байжээ.

  • 2018 онд 12 дугаар сарын 14-нд
  • 2017 онд 12 дугаар сарын 15-нд
  • 2016 онд 12 дугаар сарын 19-нд
  • 2015 онд 12 дугаар сарын 14-нд
  • 2014 онд 12 дугаар сарын 15-нд 
  • 2013 онд 12 дугаар сарын 16-нд тус тус болж байжээ.