Сүхбаатарын талбайг тойруулан дөрвөлжин цагаан чулуугаар хашилт хийсэн нь олны анхаарлыг татаад буй.

Ямар зориулалтаар ийм хашилт хийснийг өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Төрийн тусгай хамгаалалтын газраас асуу" гэсэн хариу өгсөн. Энэ дагуу Төрийн тусгай хамгаалалтын газраас асуухад "бид мэдэхгүй, манайд хамааралгүй" хэмээсэн юм .

Тэгвэл өнөөдөр уг асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай болон Хотын дарга С.Амарсайхан нар төв талбайд уулзаж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан "Хэлбэр хийц, дизайныг нь арай өөрөөр гаргаж болоогүй юм уу. Энэ ажлыг хийж буй үндсэн шалтгаанаа тайлбарлаж өгнө үү, харахад шаардлага хангахгүй байна" хэмээв.

Харин Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай "ОХУ, Япон, Герман зэрэг улсууд яг үүнтэй адил дөрвөлжин чулуугаар Парламентын ордон, төв талбайгаа хашсан байдаг. Үүнийг бусад орны адилаар хийсэн. Арай өндөр нарийн хийх гэхээр оршуулгын чулуу шиг, бөөрөнхий хийх гэхээр жолооч ямар нэгэн байдлаар чулууг дайрсан тохиолдолд өнхрөх аюултай. 

Сүхбаатарын талбайд Төрийн хүндэтгэлийн ёслол болон олон нийтийн арга хэмжээнүүд болж, иргэд олноор цугладаг. Мөн дулааны улиралд хүүхэд залуус ирж тоглодог. Тиймээс энэ орчны аюулгүй байдлыг хангах асуудал хөндөгдөж байна. Үүнийг зөвхөн өнөөдөр ярьж буй юм биш. 2017, 2018 онуудад Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгслээр нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугтаж явахдаа талбай руу орж гадаадын жуулчин мөргөсөн, жагсаалын үеэр машин оруулж шатаах гэж оролдсон зэрэг хэргүүд гарсан. Хамгийн ойрын жишээ гэвэл энэ оны 9 дүгээр сард болсон Төрийн ёслолын үеэр машинаар цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч орж ирсэн. Тиймээс чулуугаар хийсэн хашилт нь цэвэр иргэдийн аюулгүй байдлын төлөө хийсэн зүйл. Үүнийг бусад орны жишиг стандартын дагуу хийсэн. Төв номын сангийн урд бөөрөнхий хэлбэртэй ийм хамгаалалтын чулуу байдаг. 45 кг жинтэй, тогтоц муутай. Тус чулууг БНХАУ-аас оруулж ирдэг. Энэ бол монгол чулуу, том нь 320 кг, жижиг нь 220 кг жинтэй учир машин мөргөж, Сүхбаатарын талбай руу нэвтрэх боломжгүй. Чулууны хийцийг Хотын архитектурын газрынхантай хэлэлцэж, гаргаж өгсөн зургийн дагуу хийсэн. Талбайн дөрвөлжин чулуун хавтан, Төрийн ордны хашааны доод хэсгийн дөрвөлжин зэрэгтэй уялдуулж, ярилцаж байж дизайныг гаргасан" хэмээн хариулав.

Дараа нь хотын дарга "Төрийн ёслол болон иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хийж буйг чинь бид ойлгож байна. Гэхдээ үүнийхээ хийц, дизайныг хотын өнгө үзэмжтэй уялдуулах шаардлага байна. Гадаад оронд ийм л байдаг гээд зохицохгүй юм авчраад тавьчихаж болохгүй. Та бүхэн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор богино хугацаанд хийж буй ч эргээд Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтарч ажиллаад үүнийгээ засаж, сайжруулах хэрэгтэй. Харагдах байдал, зохицолгоонд анхаар" хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын зөвлөмжийн дагуу хийсэн тус чулуун хашилтад шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргажээ. Өчигдөр л хашилтыг ямар зорилгоор, хэн хийснийг мэдэхгүй, бидэнд хамааралгүй хэмээж байсан НЗДТ болон Төрийн тусгай хамгаалалтын газар хоёулаа уг ажлыг хийсэн нь тодорхой боллоо.