Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал энэ сарын 12-ны өдрийн 09.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.

Шүүх хурлын талаар Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээллэснийг хүргэж байна.

"Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт  49 оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна.

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж,

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж  зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй болно" хэмээн мэдээллээ.

Шүүх хурал хаалттай үргэлжилж байна.


Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар