Монголбанкнаас гаргадаг судалгаанаас харахад иргэдийн дунд хамгийн өргөн хэрэглэгдэж буй төлбөрийн хэрэгсэл нь төлбөрийн карт хэвээр байна.

Төлбөрийн карт дундаа үндэсний төлбөрийн “₮” гэгдэх дотоодын картаар хийгдэж буй гүйлгээ нийт картын төлбөр тооцооны 70 орчим хувийг эзэлдэг аж.

Тэгвэл Монголбанкнаас “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний ₮ картын технологийг шинэчилж, EMV/NFC буюу чип болон зайнаас унших боломж нэвтрүүлэхээр болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд картын хулгай, луйврын хэргүүдээс үүдэн дэлхий нийт чип картын хэрэглээ рүү шилжиж байгаа юм.

Үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчилж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар, цахим мөнгө болон цахим хэтэвч ашигласан төлбөр тооцоо хөгжиж, иргэдийн дунд эдгээр төлбөрийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэнэ гэж Монголбанк мэдээллээ.