Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээг усны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвлөх баг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэриландын Их сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны төв хамтран хийсэн байна.

Туул голын сав газрын төлөв байдалд үнэлгээ хийхэд дундажаар 49 оноотой буюу “C” үнэлгээ авсан байна. Энэ нь Туул голын сав газрын төлөв байдал ерөнхийдөө дунд зэргийн нөхцөлд байна гэсэн үг юм. 

Агаар болон хөрсний бохирдлоос үүдэн Туул гол  маш их бохирдож байгаа нь тогтоогдсон ч хүн амын ус хангамжийн  хүртээмж,  урсац зэрэг нь хэвийн горимд буй. 

Харин суурьшлын бүсээс гадна урсац нь цэвэр гэдэг ангилалд байгаа Туул гол Улаанбаатараар урсахдаа хамгийн их бохирдсон байгаа нь хэдэн жилийн өмнө судалгаагаар тогтоогдсон юм.

Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж буй. Тухайлбал Туул голын усан сан бүхий газрын онцгой болон энгийн, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд амралтын болон ахуйн, орон сууцны эзэмшлийн газрууд суурьшин байрлах болсонтой холбоотой. Улмаар уг бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болсон зүй бус үйл ажиллагаа улам бүр нэмэгдсээр байна. 

Элс, хайрганы карьер, уул уурхай ажиллаж, тус бүсэд барилгын болон ахуйн хог хаягдлаа асгах болсон зэрэг нь Туул голыг ихэд бохирдуулан доройтуулсаар байгаа юм.