Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод болон үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулдаг ерөнхий боловсролын тусгай сургуулийн удирдлагын төлөөлөлтэй уулзлаа.

Мэргэжлийн холбооны төлөөлөл нь яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудалтай холбоотой эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал хэлэв. 

Сургуулийн захирлууд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцлоод, тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, боловсролын оношлогоо, багшийн сэтгэл ханамж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах асуудлыг ярилаа.

Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр гадаад, дотоодын их сургуулиудад багш мэргэжлээр суралцагчдад сургалтын тэтгэлэг олгох, багш нарыг чадавхжуулах, суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.

Сайд Л.Цэдэвсүрэн тусгай сургууль, цэцэрлэгүүдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах, багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг загвар орчин, арга зүйн төв болгон хөгжүүлэх, сургууль төгсөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог болох, их, дээд сургуульд суралцах нөхцөлийг бодитоор ханган элсэлтийг нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа талаараа ярилаа. 

Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтад энэ чиглэлийн багш мэргэжилтэн орсон бөгөөд гадаад улсад шаардлага ханган тэнцэж суралцах тохиолдолд сургалтын төлбөрийг төр хариуцах болсыг тэмдэглэн хэллээ.

Мөн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоодоос төлөөлөл оролцуулж, төрийн зарим чиг үүргийг чадварлаг, идэвх санаачилгатай ажилладаг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжтой гэлээ. Ийнхүү яам, сургууль, холбоодын ажлын уялдаа тасралтгүй, сайн хангагдах, хамтарч ажиллах чиглэл, төлөвлөлтөө хэлэлцсэн ач холбогдолтой уулзалт боллоо.