Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар руу ирэх, гарах олон улсын бүх нислэгийг түр зогсоогоод буй. Иймд эх орондоо яаралтай ирэх хүндэтгэх үзэх шалтгаантай иргэдээ коронавирусийн голомттой орнуудаас тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчран, шууд тусгаарласан.

Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос батлан гаргасан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-ыг хүргэж байна.

Коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн, эмнэлзүйн шинж тэмдэггүй хүнийг тусгаарлах байранд эмчийн хяналтад 14 хоног ажилана.

Тухайлбал, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд дараах үүрэгтэй.

  • Тусгаарлан ажиглах байранд мөрдөх журамтай танилцаж, гарын үсэг зурна
  • Өөрийн аяллын түүх, эрүүл мэндийн байдлаа үнэн зөв мэдээлнэ.
  • Биеийн байдлаа ажиглаж, эрүүл мэндийн ажилтанд мэдээлнэ.
  • Эрүүл мэндийн болон харуул хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлнэ.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тусгаарлах байрны ажилтан, албан хаагчдыг доромжлох, заналхийлэх, биед нь халдах аливаа үйлдэл гаргахыг хориглоно.
  • Ажиглалтын хугацаанд гадагш гарах, бусадтай уулзахыг хориглоно.
  • Өрөө хооронд сэлгүүцэх, бусдыг өдөөн турхирах, архи, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно.
  • Байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
  • Тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд гарсан зардлыг Улсын онцгой комиссоос батласан жишгийн дагуу төлнө.

Шинэ коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 09-нөөс хойш Мнгол Улсын хэмжээнд нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлан ажиглах байранд байна.