Улсын онцгой комиссоос коронавирусын тархалтыг зогсоох арга хэмжээний хүрээнд гадаад улс орноос Монголд ирж буй иргэдийг 14 хоног хөл хорионд байлгаж тусгаарлах шийдвэр гаргасан.

Нэгдүгээр сарын 09-нөөс хойш Монгол Улсын хэмжээнд нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа юм.

Тэдгээр тусгаарлагдсан иргэний нэг Ч.Куландагийн фэйсбүүк хуудастаа оруулсан өдрийн тэмдэглэлийг өөрийнх нь зөвшөөрлөөр хүргэж байна.


ТЭМДЭГЛЭЛ 1.  Эх орноо зорьсон монголчууд

Нарита олон улсын онгоцны буудал эл хуль. Өдрийн 12 цагийн үед МИАТ компанийн бүртгэлийн цонхны дэргэд маш урт дараалал үүссэн байв. Тэд бол эх орноо зорихоор зогсч буй монголчууд. Токио дахь ЭСЯ-ны ажилтан Экү, МИАТ-ын Amaraa Dawaatseren нар ирсэнээр бүртгэл нээгдэж, түргэн шуурхай ажиллахын үлгэр жишээ явагдав. Thank you.Өндөр настан, хүүхэд, давхар биетэй ээжүүд голлосон зорчигчид байна. Онгоцонд суухын өмнөхөн нэг настны даралт ихсэж, Наритагийн түргэн тусламжийнхан аваад явав. Онгоцны орох хаалган дээр битүү цагаан хувцас өмсөж, ам хамар нүүрэндээ маск зүүсэн 2 хүн зорчигчдын биеийн халууныг үзнэ. Дараалалд томоотой, даруухан зогсч байсан ах дүүс мань онгоцондоо оронгуутаа жаал бужигнав. Суудлын дээр байрладаг ачааны тавиурт гар тээшээ хийх гэж нанчилдаан болох шахав. Монгол хүмүүс байна даа яаж зүгээр байхав, хааяа нэг.   Онгоцны царайлаг үйлчлэгч охид, хөвүүдийг битүү цагаан хамгаалалтын хувцастай харах нь яаж аятай байхав дээ! Суулаа, нислээ. Онцгой байдлын талаар тайлбарлаж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, халуун хэмжив. 2 удаа шинэ маск өгч, хуучин маскийг хураалаа. Ойролцоогоор 2 цаг тутамд суудлын эргэн тойронд, шал дэвсгэрт ариутгал хийнэ. Ариутгал хийх цагаан хувцастай нь онгоцны үйлчлэгч нар болов уу гэж таамаглав.Яаж ч тэвчээд аргагүйн эрхэнд 00-ийн өрөөнд орлоо.

Дээд зэргийн ариутгагджээ. Ээлжит нислэгийн үеийн бие засах өрөөнөөс хэдэн арав дахин цэвэрхэн. Нислэгийн турш амны хаалтаа авахгүй байхыг дотоод мэдээллээр сануулсаар байлаа. Маск ямар чухал вэ гээч! МИАТ Perfect Баярлалаа.

Улаанбаатарт бүрэнхийгээр газардав. Мэргэжлийн байгууллагын шалгалт орж ирсэн. Халуун үзлээ, эрүүл мэндийн хуудастай танилцав. Ааш ааль сайтай, сайхан харилцаж байна. Үзлэгийн үр дүнгээс шалтгаалж зорчигчдыг тусгаарлах байранд хувиарлав бололтой. Гэхдээ хэнийг хаашаа явуулж байгаагаа мэдэгдээгүй. Мэдэгдэх шаардлагагүй биз. Нэрийг нь дуудсан зорчигч онгоцноос бууж, автобусанд сууна. Иймэрхүү дэгийн дагуух ажиллагаа явагдаж, шөнийн 02 цагийн орчимд тусгаарлах байранд хүргэгдэж ирлээ. Монголчууд бол хүнд цаг үед нэгдэж чаддагийг би харлаа. Төрд тангараг өргөсөн албан хаагчид нь үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байгаад огшлоо. Энхийн манаанд зогсож буй эгэлгүй баатруудаа хараад бахархлаа. Түмний төлөөх тэдний зүтгэл сэтгэлд мөргөмү.

ТЭМДЭГЛЭЛ 2. Тусгаарлах байр

Уулан дундах (цонхоор уулнаас өөр харагдах зүйлгүй) тусгаарлах байранд ирээд 4 дахь өглөөг угтаж байна. Онгоцноос буугаад автобусанд шилжиж суунгуутаа өөрийн эрхгүй тэнхээгүй болчих шиг болсон. Тэгсэн мөртлөа шийр зааж, автобусанд голдуу ахмад насныхан байсныг л анзаарлаа. Автобусны урьд цагдаагийн машин!! Онгоцонд цурам хийгээгүй болоод ч тэр үү автобусны найгалтанд жаахан зүүрмэглэглэв. Хоноглох газраа хүрчээ.

Битүү цагаан тоноглолтой хүмүүс угтаж байна. “Нэр дуудна. Нэрсийн дагуу буугаарай” гэнэ. Гэвч настангууд шууд босоод суудлын голоор таг зогсчихов. Автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгжрэл. Нэр нь дуудагдсан хүн тэдний хажуугаар зөрөх боломжгүй, тэг зогсолт!! Хүлээн авч буй тал “Суудалдаа суугаарай, нэр дуудахаар бууж ирээрэй”. No шүү, зөрүүд хөгшчүүл “бууж өгсөнгүй”. 20 орчим минут болсны дараа хүлээн авагч тал аргагүй байдалтай эвлэрч, “Таны нэр хэн билээ” гэж хүмүүсийг буулгаж эхлэв. 

Журам ёсоор явагдаагүй нь улмаас нилээн хүлээлт үүсэв. Буулаа, газар гишгэлээ. Тусгаарлах байранд нэвтэрлээ. Тосч авсан бүсгүйчүүд “Одоо та маскаа авч болно”. Бурхан минь, юу гэсэн бэ! Би итгэж ядан дахин дахин тодруулав. “Болноо, одоо та маскаа авч болно” гэж бүсгүйчүүд нийлж байгаад хариулах нь тэр. Амны хаалтаа салгаж, зориулалтын сав руу хаяв. Өрөөнд 4-үүлээ оров. Бие засах өрөөнд тавьсан савтай Санитолыг үнсэхээ шахав. Японд ариутгалын бараа ховордож, барьж ирсэн жижигхэн гар ариутгагчаа харамлан, хайрлан хэрэглэж явсан юм. Бид авч ирсэн эд зүйлс, өрөөний тавилга хэрэгсэлээ САНИТОЛ-оор гялс ариутгаад авлаа. 

Сувилагч нь байна гэж өөрийгөө танилцуулсан битүү цагаан хувцастай эмэгтэй орж ирж, эрүүл мэндийн болон биеийн дулааны тэмдэглэл бичих 2 хуудас цаас өгч, хоолны хуваарь дэг журам танилцуулав. Үндсэндээ бид хоол хүргэх 2 хүнээс өөр хүний бараа харахгүй байгаа. Хоолны цаг дөхөөд ирэхээр аяга тавагаа гаргаж тавихыг дотоод сүлжээгээр зарлана. Төдөлгүй хоол түгээгч хаалганы цоож тайлж, бид хаалганы дэргэд дахь ширээн дээр аяга тавгаа гаргана. Хоол хүргэгчид хоолоо таваглаж дуусаад, ширээн дээрх тавагтай хоолыг өрөөнд оруулсны дараа биднийг түгжинэ. Өдөрт 5 удаа аяга таваг гаргах, хоолтой тавгийг өрөөнд оруулах ажил явагдана. Хоол түгээх үндсэн зарчим нэг иймэрхүү. Хоолны амт чанар бол BEST. 14 хоногийн дараа бөв бөөрөнхий мярайлаг эгчийг танихгүй баларав даа, Та нар минь. Өдөрт 2 удаа биеийн дулаан хэмжиж, зориулалтын хуудсанд тэмдэглээд, эмчид утсаар мэдэгдэнэ. 

Өрөөгөө өөрсдөө цэвэрлэнэ. Цэвэрлэгээний бодис, хэрэглэл өгсөн байгаа. Өрөөний цэвэрлэгээ хийх нь миний хувьд хөдөлгөөний дутагдлаас хором ч болтугай ангижрах завшаан!! Дидиш телевизтэй, дотроо 00-той, аргыг нь олвол шүршүүрт орох боломжтой, цонхоор харагдах уултай, гадаанаа 24-н цагийн цагдаатай. Дээр үед “үүдэндээ шкафтай, хоёр 00-той... “ гэж уяраасаар нилээдгүй хүнийг хохироосон байрны борлуулалтын реклам санаанд оров хэхэ. Энэ бол реклам биш, бодит байдлыг хэлж байгаа юм. Эндэхийн өглөөний сэрүүлэг нь гоё оо. Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу... Хүүхдийн хөөрхөн дуунд улам л унтмаар болгоно. Сэрүүлгийн ая нь өдөр бүр өөрчлөгдөнө. Өнөө өглөө гэхэд “Үүрийн шөнийн жиргээ шинэхэн, Өглөө болгон дандаа шинэ...♫♪ ♫♪ ” гэсэн өхөөрдөм гоё үрсийн дуунаар өглөөг угтав.

Өчигдөр шөнө Туркийн онгоцоор ирсэн зорчигчдыг энд нэмж байрлуулсан гэнэ. Хоол түгээгч эмэгтэй “тавагнуудаа хурдан гарга” гэж нилээн зандрангуй хэлнэ лээ. Ажлын ачаалал нь нэмэгдээд ядраад, бухимдаж буй бололтой. Бидэнд үйлчилсэний төлөө эмч ажилчид, онгоцны экипажийнхан гээд хамааралтай олон хүн тусгаарлагдсан. Өөрийгээ гэмтэй ч юм шиг, ямар нэгэн муу юм хийчихсэн юм шиг санагдаад байгаа боловч тунгаан бодох тусам, өрнөж буй үйл явдалд хэн ч буруугүй, хэнийг ч буруутгах аргагүй юм. Короно гэх гай нь хүн төрөлхтөний өмнө тулгарсан том сорилт юм даа. Энэ гай ланчигийг тойрч гарах боломж тун бага байлаа. Тулгарсан бэрхшээлийг давж гарахын тулд бид хамтдаа хичээхээс өөр зам алга. Хэлж ирээгүй хийсээд ирсэн лай. Тэвчиж, биелүүлж, хүндэлж, сахиж, ухамсартай байвал хогийн муу короног дарж ялж чадна аа. Бид чадна гэдэгт би итгэлтэй байна.


ТЭМДЭГЛЭЛ 3. Тусгаарлагдсан 6 дахь өдөр

Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу♫♪♫♪ өхөөрдөм хөөрхөн дуунаар 6 дахь өглөөтэй золгов. Ширхэг ч үүлгүй, цэлмэг тэнгэрийг цонхоор хараад л... Сайхан шүү, уужраад явчихна. Өнөөдөр манай коридороос хөгжилтэй дуу сонсогдоно.

Ажилчид мань цэвэрлэгээ хийгээд байгаа юм болов уу даа, дуу аялаад, инээлдээд бас утсаар ярьцгаах чимээ сонсогдов. Ашгүй дээ, өөдрөг байгаад нь би ч баярлаад явчихлаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хоёр хоол түгээгч ирдэг. Хаалгыг аяга таваг гаргах хэмжээний зайтай онгойлгодог болохоор тэд ил тод харагдахгүй. Эрэгтэй нь хаалганы ард нуугдасхийгээд зогсдог болохоор барааг нь ер хараагүй. Харин эмэгтэй нь бүх биеэрээ харагддаг. Бүсгүй торомгор гоё нүдтэй. Тэд амны хаалттай, битүү хувцастай учраас ямар царайтайг бүү мэд. Хоол өгч дууссаны дараа “Сайхан хооллоорой” гэж хэлээд өрөөг гаднаас нь түгжээд яваад өгдөг. 

Уржигдар халуун савтай цайны тагийг нь онгойлгох гэж хэдэн секунд болох зуур үг солиотохов. “Та нар ядарч байна уу, бидэнд үйлчлэх гэж энд тусгаарлагдаж байгаа гэсэн. Уучлаарай” гэж сэтгэлд түгжирсэн үгээ хэлээд амжив. Торомгор гоё нүдээрээ зөөлөн гээчийн харж “Зүгээрээ, хамтдаа давж гарна шүү дээ” гэлээ. Сэмрээд, бороо орохоо шахав. Эндэхийн хоолны амт чанар, бас өнгө үзэмж өдрөөс өдөрт чангарч, улам гоё болоод байна. Энэ муу короно зайлсны дараа заавал ирж амарна. Гэснээс зарим хүмүүс намайг магтсангүй, эсвэл муулсангүй гэж шүүмжилж байна. Тиймээ, би магтах муулах зорилго тавиагүй, тавих ч үгүй. Бодит байдлыг үнэнээр бичих нь миний зорилго. Миний хэлхсэн хэдэн үсэг дотор нэг ширхэг ч худал үгүй гэдгийг хэлье. Өгч буй хоол ундны зураг оруулахаар тансаглаж байна гэж сүрэглэн шуугих шинжтэй. Тэгээд яах болж байна, хаа хамаагүй хоолны зураг чирээд ирж оруулах ёстой болж байна уу! Хүмүүс бухимдаж, сэтгэл санаа тавгүй, эмзэг байна. Ийм цаг үед бие биенээ хэмлэлгүй, элдэв доромж үг бичихгүй, хатгаж өдөхгүй байхыг хичээнгүйлэн гуйж байна. Тийм зан гаргасан нөхдийг шууд блоклох болно. 14 хоног хоол зөөлгөж идэж, бөөцийлүүлж байгаадаа санаа зовоод л байна. Өөрийгөө зэмлээд л... Мэдээж, би тусгаарлагдахаа мэдэж байсан болохоор хийх ажлаа бариад ирсэн.

Зүгээр суухаар зүлгэж сууж байна. Гэхдээ л улс орондоо нэмэр тус болох ямар нэг юмыг өрөөндөө байгаад хийж болдог бол хийхсэн. Өндөр хөгжилтэй орноос 1000 орчим монгол иргэнийг татаж ирүүлсэн байгаа. Тэдний дотор өндөр боловсролтой, мэдлэг чадвартай хүн цөөнгүй байх. Тэдэнд төсөл хөтөлбөр бичих, тооцоо судалгаа гаргах зэрэг гэрийн нөхцөлд ажиллах боломж бий дээ. Сайн дураараа дайчлагдахыг мөрөөдөгч.  

Өрөөний бид хэд өчигдөрөөс хамтдаа гимнастик хийдэг боллоо. Манай хэд өөр өөрийн амьдралын хэвшилтэй хүмүүс. Нэг мань өглөө маш эрт босно. Ариун цэврийн өрөөнд ус цас хоржигнуулж, гялгар уутаа шажигнуулж, ачаа бараагаа түчигнүүлж байгаад бусдыгаа сэрэх үеэр эвшээгээд хэвтээд өгнө. Би гэхэд орой унтаж орой босдог. Энэ буруу хэвшлээ эвдэж аль болох эртэч болохыг хичээж байгаа. Энд буй хүмүүсийн гол хийх ажил нь утсаа маажих. Харин телевизийн мэдээг цаг алдалгүй үзнэ шүү. Өнөөдөр 10 гэсэн тоонд нилээн түгшицгээв. Дор бүрнээ хичээж, төрөөс өгч буй чиглэл, зөвлөмжийг сайтар дагаж мөрдвөл короног ялахад тус болж буй нь тэр. Маскаа зүүгээд, гараа угаагаад, бие биендээ сайныг ерөөгөөд байвал үхээрийн муу короног дарж л таарна. Жаргалант сувилалд энхийн манаанд зогсож буй баатруудтайгаа амны хаалтгүй уулзах тэр өдрийг ерөөе. Thank you all