Миланы загварын шоунд оролцсон 2 солонгос иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь нийгмийн сүлжээнд ярианы сэдэв болоод байна. Учир нь энэхүү шоунд 3 монгол бүсгүй эх орноо сурталчилж оролцоод ирсэн билээ. Тэд 7 өдрийн өмнө ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан юм. Тэдний нэг Norah Fashion хувцас загварын агентлагийн дизайнер О.Булгантай утсаар холбогдож тодруулга авлаа.


-Та нар ирэнгүүтээ ХӨСҮТ-д тусгаарлагдсан уу?

-Бид нар эрсдэлтэй бүс нутагт зорчсон учраас өөрсдөө сайн дураараа, иргэний үүргээ ухамсарлаж ирэхээсээ ч өмнө Монгол руу онцгой комисстой холбогдон тусгаарлагдах хүсэлтээ тавьсан. Ирэнгүүт улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас дүрэм журмынхаа дагуу бусад хүмүүсийн хамтаар ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна. Энд бид нар тусгаарлагдаад 7 хоносон.

Италид арга хэмжээнд оролцохдоо ч бас бид халдвараас сэргийлж байнга амны хаалт зүүж байсан.


-Онгоцны буудал дээр зарим нэгэн хүн хамт орж ирчихээд худлаа мэдүүлсэн сурагтай. Та бүхэн иймэрхүү явдалтай таарав уу?

-Тийм хүмүүсийг бид онгоцны буудал дээр харсан. Нүүрлэж болох эрсдлийг сайн ойлголгүйгээр асуудалд арай л хэнэггүй хандаад байна уу даа гэж бодсон. Гаднаас ирж буй иргэд маань үнэн зөв мэдүүлж шударга байгаасай гэж хүсэж байна.


-Зарим хүмүүс тусгаарлагдсан байр орчин нөхцөлөө голж гомдол гаргасан. Та бүхний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бид нар тусдаа өрөөнд байгаа учраас гарч орж бусад хүмүүстэйгээ уулзах боломжгүй. Тэдний талаар мэдэхгүй байна. Нэгэнт тусгаарлагдсан бол орчиндоо дасан зохицож л таарна. Үнэндээ аюулт тахал өвчин орж ирээгүйдээ баярлах ёстой.

Энд бид нар дасгал хийж, хамтдаа хөгжилдөж цагийг зугаатай өнгөрүүлж байна. Ажлаа гар утсаараа компьютерээр амжуулдаг. Энд тусгаарлагдсанаараа бид нэгдүгээрт иргэний үүргээ хариуцлагатай биелүүлж байна бас ажлаа хийж бодож тунгаахад цаг гаргасандаа олзуурхаж байна.  Дизайнерын хувьд шинэ загвар дээр ажиллаад эхэлчихсэн. /инээв/

Цаг наргүй ачаалалтай ажиллаж байгаа эмнэлэгийн эмч ажилтнуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Өөрсдөө ч бас эрүүл саруул аюулгүй ажиллаасай.


-Та нарыг халдвар авсан мэтээр нийгмийн сүлжээнд бичсэн байсан. Энэхүү мэдээлэлд эмзэглэсэн үү?

-Эмзэглэхээс илүүтэйгээр нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж ташаа мэдээлэл тарах вий гэж эмээсэн. Дөнгөж сая бид эхний шинжилгээний хариугаа авлаа. Бид нарын хариу бүгд сөрөг буюу халдваргүй гэж гарсан.


-Ингэхэд та бүхэн Италид монгол эх орноо сурталчлаад ирсэн шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ямар ч байсан бид Миланы загварын долоо хоногт оролцож эхний алхамаа амжилттай хийлээ. Дэлхийн брэнд хөгжүүлэлтийн жишгээр л бид явахыг хичээж байна.  Анх удаа оролцсон болохоор алдаа оноо суралцах зүйл зөндөө. Өөрсдийн түвшинг олон улсад харьцуулахыг хүссэн. Ер нь сэтгэл хангалуун байгаа. Цаашид улам сайжирч бэлтгэлээ илүү сайн хангана гэсэн бодол төрсөн.