Эмнэлэгийн тусламж авч чадалгүй ЭХЭМҮТ-ийн гадаа таксинд хүүхдээ төрүүлсэн явдлын дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсч, цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно хэмээн мэдэгдэл хийсэн юм. 

Тэгвэл тэрбээр үүнтэй холбогдуулан албан даалгавар гаргажээ.

Тус мэдэгдэлд "Яаралтай тусламжийн төв, хүлээн авах, төрөхийн хүлээн авахыг хоногийн аль ч цагт төвөггүйгээр олоход нь зориулсан хаяг, зураглал, лавлах, утасны дугаар зэргийг тодорхой байршуулах бөгөөд шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй, тодорхой харагдахуйцаар байрлуулах"-ыг үүрэг болгожээ.

Мөн ямар ч эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйд оочер дугаар, харьяалал харгалзахгүйгээр тусламж үзүүлж байхыг даалгасан байна.